ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛ
2.24K subscribers
769 photos
30 videos
542 links
Манай суваг нь Монгол Улсруу чиглэсэн гадаад бодлого, үйл явц болон Монгол улсад хамаатай шинэ, шинэлэг мэдээллийг цаг алдалгүй танд хүргэж байх болно. Бидэнтэй цуг байгаарай❗️
Download Telegram
Аравдугаар сарын 7-ны өдөр Палестины Хамас зэвсэг байгууллага Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэрт гэнэдүүлэн халдсан нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал байлаа.

Тэд ингэхдээ олон мянган пуужинг нэгэн зэрэг харвах замаар Израилийн алдарт “Төмөр Дээвэр” агаарын хамгаалалтын системийг саатуулж чадсан юм.

Хятадын эх газраас довтлох байнгын аюул занал дор оршин тогтнодог Тайвань арлын хувьд энэ нь том сургамж болж байна.

Хамасын халдлага гарсны дараахан Тайванийн батлан хамгаалах яам энэ үйл явдлаас суралцах ажлын хэсгийг байгуулжээ.

Хамас-Израилийн дайнаас авах хамгийн эхний сургамж нь Хятадын халдлагаас урьдчилан сэргийлэхэд тагнуулын мэдээлэл маш чухал гэсэн дүгнэлт болохыг Тайванийн батлан хамгаалахын сайд Чиү Куо Чэн тухайн үед хэлж байв.

Газын зурвасаас ялгаатай нь Тайвань арал Хятадын эргээс 130 км өргөн хоолойгоор тусгаарлагдсан байдаг. Энэ нь халдлагыг урьдчилан мэдэх боломж олгож байгааг судлаачид онцолсон байна.

“Тайванийг эзлэхийн тулд Хятад улс маш том тэнгисийн флот бүрдүүлэх ёстой” гэж Тайванийн армийн бэлтгэл хүчний офицер, 42 настай Тони Вэй тайлбарлажээ.

Ийм хэмжээний флот бүрдүүлэх үйл явцыг анзаарахгүй байх аргагүй бөгөөд энэ нь довтолгооноос хамгаалахад бэлдэх хугацаа өгөх давуу талтайг тэр онцолсон байна.

Гэхдээ Хятад улсын хүчин чадлыг Хамастай, Израилийн батлан хамгаалах чадварыг Тайваньтай харьцуулах аргагүйг Вэй анхааруулжээ.

“Израиль бол маш хүчирхэг зэвсэгт хүчинтэй, маш өндөр чадвартай тагнуулын албатай, Америкаас асар их тусламж авдаг улс. Хэрвээ Израиль улс ингэж сандарч байгаа бол Тайвань юу болох вэ?” гэж тэр хэлсэн байна.

Хамасын халдлагаас гадна Украины дайн ч бас Тайванийн хувьд томоохон сургамжтай үйл явдал болохыг Вэй онцолжээ.

“Ерөнхийлөгч Путинийг Украинд довтлохгүй гэж ихэнх нь ярьж байхад довтолсон. Хамасыг ч бас Израильд довтолж чадахгүй гэж үзэж байлаа. Тайванийн хувьд боломжгүй гэж үзэж байгаа тохиолдлуудад ч бас бэлтгэлтэй байх ёстойг эдгээр үйл явдлууд сануулж байна” гэж тэр ярьж байна.

“Хамасын халдлага стратеги, тактик, үйл ажиллагаа талаасаа Израильчуудыг гайхшируулж чадсан. Хамастай харьцуулахад илүү том хүчтэй сөргөөцөлдөж байгаагийнхаа хувьд Тайвань ийм гэнэтийн зүйлээс зайлсхийх чадвартай байх ёстой. Оросын түрэмгийлэл, Хамасын халдлагын аль аль нь өндөр өртөг зардал дайсанд нь саад учруулна гэж төсөөлж байтал үнэндээ энэ нь хамаагүй байж болзошгүйг харуулсан объектив жишээ юм” гэж Global Taiwan Institute хүрээлэнгийн судлаач Эрик Чан ярьжээ.

Ялангуяа тагнуулын албаны гаргаж болзошгүй алдаанаас сэргийлэх маш чухал болохыг дээрх үйл явдлууд харуулж буйг Тайпэйн их сургуулийн улс төрийн харилцаа судлалын дэд профессор Фан Юү Чэнь тайлбарлаж байна.

“Хятадын үйл ажиллагааны талаар Тайвань маш их мэдээлэл цуглуулдаг. Гэхдээ ийм мэдээллийг нягтлах, шинжлэх, зөв хүмүүстээ хүргэхийн ач холбогдол эндээс харагдаж байна. Дараагийн нэг том анхаарах асуудал бол довтолгоо нэгэнт эхэлсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай юм” гэж тэр дүгнэжээ.

Үүний нэг том сургамж нь мэдээллийн дайн болохыг Фан онцолж, олон улсын дэмжлэгийг авахад мэдээллийн дайнд ялах маш чухал болохыг сануулжээ.

Тухайлбал Газын зурвасын эмнэлэг бөмбөгдөлтөд өртөж, олон зуун хүний амь үрэгдсэн үйл явдалд хэнийг буруутгаж байгаагаас дэлхий нийтийн хандлага, улс орнуудын дипломат харилцаа хамаарч буй жишээг тэр дурдсан байна.Эх сурвалж: Aljazeera
Францын Ерөнхийлөгч Эмманунль Макроны айлчлалаар “Orano”-ийн үйл ажиллагааг Казахстанд өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Францын уламжлалт нөлөөллийн бүс болох Нижер улс гэнэтийн байдлаар холбоогоо тасалсны дараа Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ураны бусад томоохон олборлогч улсуудад айлчлах гэж байна.

Тэрбээр Францыг цөмийн түлшээр хангадаг Казахстан болон Узбекистан улсад айлчилснаар эрчим хүчний аюулгүй байдлаа хангана гэж ойрын хоёр эх сурвалж нь мэдээллээ. Түүнчлэн ОХУ-ын шатах түлшнээс хамаарлаа бууруулж, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх нэг том алхам болохоор байна. Эх сурвалжийн мэдээлснээр Францын Ерөнхийлөгчийн айлчлал нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын ОХУ-аас хамаарах хамаарлаас цаадхыг харахад нь нөлөөлөх хоёрдогч зорилготой аж.

Франц улсын хувьд энэ бүс нутагт аль хэдийн томоохон хөрөнгө оруулалтууд хийжээ. Тухайлбал: ирэх 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хүлээгдэж буй “Orano” компани нь уран олборлолтын чиглэлд Казахстанд “Kazatomprom” хамтарсан компани байгуулаад байгаа юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлалаар “Orano”-ийн үйл ажиллагааг Казахстанд өргөжүүлэх асуудал айлчлалын хэлэлцэх сэдэвт багтана гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Эмманэуль Макроны айлчлалын бүрэлдэхүүнд цөмийн эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Electricite de France”, “Assystem” зэрэг компанийн удирдлага багтаж байгаа аж. Эх сурвалж: gogo.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлалыг Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй бөгөөд 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнгтой албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзана.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, Ерөнхий сайд Фам Минь Чинь нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцана.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Вьетнамын бизнес форум”-д оролцож, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Эх сурвалж: gogo.mn
24 цагийн хугацаанд Оросын арми 100 гаруй хот сууринд агаараас довтолсон нь нэг өдрийн дотор явуулсан энэ оны хамгийн том ийм ажиллагаа болсныг Украины эрх баригчид Лхагва гарагт мэдээллээ.

“Сүүлийн 24 цагийн дотор дайснууд манай 10 мужийн 118 хот сууринд агаараас довтоллоо. Энэ он гарснаас хойш нэг зэрэг ийм олон суурин газар цохилтод өртөж байсангүй” гэж Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко сошиал хуудсандаа бичжээ.

Уг цохилтод Украины төв бүсийн Кременчук хотын газрын тосны үйлдвэр өртсөн байна. Үүний улмаас хүний амь эрстээгүй ч үйлдвэрт гарсан түймрийг унтраахад бараг 100 орчим гал сөнөөгч хэдэн цагийн турш ажилласан тухай Клименко мэдээлжээ.

Өвлийн улирал ойртож байгаатай холбоотойгоор Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилтоо чиглүүлж эхэлсэн байна.

Өнгөрсөн оны өвлийн өмнө мөн ингэж байсан юм.

Эх сурвалж: AFP
Украины дайнтай холбогдуулан Европын Холбоо арван хоёр дахь ээлжийн эдийн засгийн хориг арга хэмжээгээ ОХУ-ын эсрэг зарлахаар бэлдэж байна.
Уг арга хэмжээнд Оросын алмааз эрдэнийн чулуу, хөнгөн цагааны экспортыг хориглохоос гадна давхар өөр зориулалтаар ашиглагдаж болзошгүй энгийн бараа материалуудыг тус улсад нэвтрүүлэхийг хориглох тухай асуудал яригдаж байгаа.Тухайлбал Европын Холбооны гишүүн Литва улс энэ хоригийн хүрээнд товч, зүү, хадаас зэрэг энгийн материалуудыг ОХУ-д нийлүүлэхийг зогсоох санал гаргасан тухай мэдээ өчигдөр цацагдсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ мэдээлэлд хариу байр сууриа илэрхийлсэн талаар ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.
“Хог хаягдал бага байх тусмаа сайн. Европын том хотуудаас бясаа дамжин орж ирэх боломж багасна” гэж тэр хэлсэн байна.
Сүүлийн саруудад Франц улсын хотуудад бясаа ихээр тархаж, гамшиг учруулж байгааг Путин ийнхүү ёжилсон бололтой.
 
Эх сурвалж: ТАСС
ОХУ шинэ шумбагч хөлгөөс тив алгасах баллистик пуужин харваж туршсанаа зарлав
ОХУ-ын батлан хамгаалах яам тив алгасах баллистик пуужинг шинэ шумбагч хөлөг онгоцноос амжилттай харваж туршсанаа Ням гарагт зарлажээ.
Ийм төрлийн пуужин нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай зэвсэг юм. Уг туршилт нь Украины дайны улмаас АНУ-ОХУ-ын харилцаа хурцадсан цаг үетэй давхцаж байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгийн туршилтыг хориглох гэрээнээс гарах хуулийг баталсан юм.Энэ алхмаа Москвагийн эрх баригчид АНУ-тай цөмийн зэвсгийн хүчин чадлаа тэнцвэржүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа.
Туршилтын үеэр "Император Александр III" стратегийн шумбагч хөлөг онгоцноос Булава ангиллын баллистик пуужинг харвасныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Оросын умард хязгаарын Цагаан тэнгисээс харвасан пуужин Алс Дорнодын Камчаткийн хойгт байрлуулсан байг оносон байна.
Туршилтыг хэзээ гүйцэтгэсэн талаар мэдээлэл өгөөгүй юм.
"Император Александр III" бол Оросын тэнгисийн флотын ойрын хэдэн арван жилийн гол техник болохоор зохион бүтээгдсэн Борей ангиллын шинэ шумбагч хөлөг юм.
Уг хөлөг 16 ширхэг Булава пуужин тээвэрлэх багтаамжтай.
Энэ удаагийн туршилт амжилттай болсноор шинэ шумбагч хөлгийг тэнгисийн флотын зэвсэглэлд шилжүүлэхэд бэлэн болсныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус улсын тэнгисийн флотын зэвсэглэлд одоо Борей ангиллын гурван шумбагч хөлөг идэвхтэй ашиглагдаж байгаа ба өөр нэг хөлөг туршилтын шатанд, гурван хөлөг угсралтын шатанд байгаа юм байна.
 
Эх сурвалж: Associated Press
Орос үндэстнийг хадгалж үлдээсэн Алтан ордны хаадын гавьяаг Путин үнэлэв
Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын холбооны бүх субъектуудын төлөөлөл оролцдог “Общественной Палаты” үндэсний хэмжээний чуулганд оролцохдоо Монголын түүхтэй холбоотой ховор байр суурь илэрхийлсэн нь анхаарал татав.2020 онд анх зохион байгуулагдсан жил тутмын энэ арга хэмжээний үеэр Оросын үндэсний эв нэгдэл, бүрэлдэхүүнд нь багтдаг олон үндэстэн угсаатнуудын ойлголцлыг хангах механизмын талаар хэлэлцдэг юм.
Путин энэ үеэр Алтан Ордны захиргаанд байхдаа оросууд үндэсний хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдсэн тухай ярьжээ.
“Үргэлж ийм байсаар ирсэн. Александр Невскийн үед юу болж өнгөрснийг санацгаая. Тэр Алтан Ордод очиж, Алтан Ордын хаадын өмнө сөгдөж, засаглах эрх мэдэл олж авснаар Өрнөдийн түрэмгийллийг үр дүнтэй эсэргүүцэх чадалтай болсон. Яагаад? Учир нь Алтан Орд хэдийгээр дээрэнгүй, харгис хэрцгий байсан ч Өрнөдийн эзлэн түрэмгийлэгчдийн сүйтгэхийг санаархдаг хэл, соёл, уламжлалыг маань хөндөөгүй юм. Энэ бол маш чухал. Соёл, уламжлал, түүхээ устгуулсан ард түмэн үндэстнийхээ хувьд хаврын цас шиг хайлж, алга болдог. Яагаад бид Александр Невскийг бурханчлан дээдэлдэг вэ? Энэ сонголтынх нь төлөө. Тэр Оросын ард түмнийг, манай аугаа том газар нутагт амьдардаг бүх хүмүүсийг хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байсан юм. Өнөөдөр ч бас ижил үйл явц өрнөж байна. Бид өнөөдөр ёс суртахууны үнэт зүйлс, түүх, соёл, хэлээ хамгаалж, Донбасс болон Новороссия дахь ахан дүүстээ бас ингэхэд нь тусалж байна. Өнөөдөр болж буй арга хэмжээний гол зорилго энэ юм” гэж тэр ярьсан байна.
Энэ жилийн чуулганд Украины эзлэгдсэн бүс нутгуудын төлөөлөл Оросын холбоонд нэгдсэн шинэ субъектийн хувиар анх удаа оролцож байгаа тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн юм.
 
Эх сурвалж: kremlin.ru
Сайн байцгаана уу, Хил зэргэлдээ улсуудад болж буй томоохон үйл явдал, хурал цуглаан , томоохон шийдвэр шийдэл гэх мэт мэдээллүүдийг энэхүү телеграмм сувгийн тусламжтай нэг цэгээс авч байхыг хүсвэл бидэнтэй хамт байгаарай. Баярлалаа.
Путин 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргаагүй байгааг Кремль батлав
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2030 он хүртэл үргэлжлүүлэн ажиллахын тулд 2024 оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргасан тухай Ройтерс агентлаг албаны хэд хэдэн эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.Тэрбээр 1999 оны сүүлээр Борис Ельцинийг залгамжилснаар Оросын түүхэнд Иосиф Сталинаас хойш хамгийн удаан төр барьсан хүн болсон юм. Путиний ерөнхийлөгчөөр ажилласан хугацаа Леонид Брежневийн засаглалын 18 жилийг ч даваад байгаа.
Тэрбээр аравдугаар сарын 7-ны өдөр 71 насанд хүрсэн юм.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдээлэлтэй холбогдуулан өчигдөр сэтгүүлчдэд тодруулга өгсөн байна.
“Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар ч мэдэгдэл гаргаагүй, ямар ч сонгуулийн кампанит ажил зарлаагүй байна” гэж тэр мэдэгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр болох төлөвтэй байгаа.
Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл сонгуулийн санал хураах өдрийг ирэх сард эцэслэн тогтоох юм.
Энэ сонгуулиар Путинтэй хүчтэй өрсөлдөх нэр дэвшигч гарахгүй нь бараг тодорхой байна.
Гэхдээ Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Кремлийн удирдагчид хамгийн хүнд хэцүү сорилттой тулгараад буй цаг үед уг сонгууль зохион байгуулагдах гэж байгаа юм.
Украины дайн нь 1962 оны Кубын хямралаас хойш Орос, Өрнөдийн хооронд хамгийн гүнзгий зөрчил үүсгээд байна.
Энэ дайны улмаас Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээ Оросын эдийн засагт цочрол үүсгээд байгаа.
Энэ дайнд Орос, Украины талаас олон зуун мянган цэрэг амиа алдсан нь 1979-1989 оны хооронд Афганистанд амссан Зөвлөлт Холбоот Улсын хохирлын хэмжээнээс хол даваад байна.
 
Эх сурвалж: Reuters, ТАСС
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9-нд Астанад айлчлах төлөвтэй байна гэж Казахстаны тэргүүний хэвлэлийн албанаас мэдээллээ.
"Төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевын урилгаар 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Астанад албан ёсны айлчлал хийнэ" гэж илгээлтэд дурджээ. Айлчлалын үеэр Орос, Казахстаны удирдагчид хоёр орны стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэж, албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн Токаев, Путин нар мөн Костанай хотод болох Казахстан, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны XIX форумд онлайнаар оролцоно.
Хоёр орны төрийн тэргүүн нар сүүлд өнгөрөгч аравдугаар сарын 7-нд Ново-Огарево дахь ерөнхийлөгчийн өргөөнд уулзсан. Энэ үеэр Токаев, Путин нар Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевтэй хамтран Казахстан, Узбекистан руу Оросын байгалийн хийг нийлүүлэх ажлыг эхлүүлсэн юм.
Эх сурвалж: Astana.kz